Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орлоо

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ

ТУХАЙ ХУУЛИНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 7 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Сэргээгдэх эрчим хүчний тухай /нэмэлт, өөрчлөлт орсон/ хууль нь  дамжуулах сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох, мөн айл өрх, албан байгууллагын түвшинд бага чадлын сэргээгдэх эрчим хүчийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор нэмэлт, өөрчлөлт орсон.

Хуулинд орсон гол нэмэлт, өөрчлөлтүүдийг авч үзвэл:

1.  Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын дээд хязгаарыг тогтоож, төслийг өрсөлдөөнт хаялцуулах /төсөл шалгаруулалт/ зарчмаар сонгон шалгаруулдаг болно.

Сүүлийн 10 гаран жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний үнэ нүүрс, байгалийн хий гэх мэт уламжлалт эх үүсвэрээр үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний үнэтэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн тул сэргээгдэх эрчим хүчний төслийг сүлжээнд нийлүүлэх үнээр нь өрсөлдүүлж сонгодог тогтолцоог Дэлхийн олон улс нэвтрүүлээд байна. Үүний үр дүнд нарны эрчим хүчний 1кВт.ц-н үнэ 2.4 - 9.3 ам.цент хооронд болж буурсан. Тиймээс цаашид дамжуулах сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих хөрөнгө оруулагчдийн дунд төсөл шалгаруулалт /өрсөлдөөнт үнэ хаялцуулах үйл ажиллагаа/-ыг зохион байгуулж хамгийн хямд үнээр эрчим хүч нийлүүлэх санал болгосоныг сонгож байх өөрчлөлт хуулинд орсон

2.  Нар, салхины эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг дээд хязгаарыг өөрчлөн тогтоосон;

Сэргээгдэх эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх үнэ тарифын дээд, доод хязгаарыг 2007 онд батлагдсан хуулиар тогтоож өгсөн байсан. Тухайлбал нарны эрчим хүч 0.15-0.18 ам.доллар, салхи 0.08-0.095 ам.доллар буюу аливаа төслийн тариф дээрх хязгаарыг хооронд байхаар хуульчилсан. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нар, салхины технологийн үнэ буурч дээрх үнийн хязгаараас хямдаар цахилгаан үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Зарим хөрөнгө оруулагчид Монголд нарны станцын үнэ, тарифыг 9.5 ам.цент/кВт.ц байхад төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар манай улсын нөхцөлд эрчим хүч хуримтлуурын системгүй нарны станцын тариф 6.4-8.1 ам.цент/кВт.ц, салхины станцын тариф 5.1-6.4 ам.цент/кВт.ц байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тйимээс хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нарны станцыг үнэ тарифыг 0.12 ам.доллар хүртэл, салхин станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар гэхдээ төсөл шалгаруулалтаар үнэ тогтдог байхаар хуульчилсан.

3.    Айл өрх, албан байгууллагууд өөрийн цахилгаан хэрэглээнд зориулж бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, мөн  өөрийн хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд худалдаалах боломжтой болж байна;

Айл өрх, албан байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай байсан. Ингэснээр түгээх сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр бүхий иргэн, аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ өөрийн үүсгүүрээс хангаад илүү гарснаа түгээх сүлжээнд тогтсон үнээр худалдаалдаг тогтолцоо бий болж байна.

Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө:

Эрчим хүчний хэрэглэгчдэд:

Цахилгаан эрчим хүч хэрэглэж буй бүхий хэрэглэгчдийн /айл өрх, аж ахуйн нэгж, уул уурхай/ сарын цахилгааны төлбөрийн 13 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр эзэлж байна.  Цаашид өндөр тарифтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээд ялангуяа нарны станц нэмэгдэх тусам энэ хувь хэмжээ нэмэгдэж хэрэглэгчдэд үнийн дарамт бий болох эрсдэл байсан тул хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг үнийг өрсөлдөөний журмаар бууруулж, хэрэглэгчдэд бий болох байсан үнийн дарамтыг эрсдэлийг бууруулсан.

Эрчим хүчний системд:

Өнгөрсөн хугацаанд нар, салхины эх үүсгүүрүүд олноор баригдсан хэдий ч техникийн нэгдсэн төлөвлөгөө муу байснаас болж эрчим хүчний системд техникийн хүндрэлүүдийг бий болгож эхэлсэн. Тиймээс цаашид ашиглалтанд оруулах эх үүсгүүрүүдийг байршил, хүчин чадал, төрлийг төрийн зүгээс нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөх боломжтой болсон.

Хөрөнгө оруулагчдад:

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих төслийн хөрөнгө оруулагчдын хувьд энэ чиглэлийн бодлого, хууль эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод, олон улсын жишгийн дагуу байхыг чухалчилдаг.  Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төслийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өндөр түвшинд байлгах боломжийг бий болгож өгсөн. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, байгаль орчны үнэлгээ, газрын зөвшөөрөл, эх үүсвэрийн нөөцийн судалгаа болон жилийн баталгаат худалдан авалтын хэмжээ зэрэг эрсдэлүүдийг төрийн зүгээс өөрийн эрх, мэдлийн хүрээнд үүрч, бууруулах боломжтой болж байна. Ингэснээрээ хөрөнгө оруулагч зөвхөн төслийн санхүүжилт, станцын бүтээн байгуулалт, ашиглалт үйлчилгээнд илүү анхаарал хандуулах боломжтой болсон.