ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН
МОНГОЛЫН САЛБАР ХОРОО БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА.
Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монголын салбар хороо өнгөрсөн 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд Дэлхийн эрчим зөвлөлөөс албан ёсоор батламжаа гардаж авлаа. Монголын салбар хороо нь Эрчим хүчний салбарын төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд, бусад мэргэжлийн байгууллагын удирдлага, салбарын судлаач, шинжээчдээс бүрдэж байгаа бөгөөд тус салбар хорооны ерөнхийлөгчөөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор А.Тлейхан, Удирдах зөвлөлийн даргаар Монгол улсын зөвлөх инженер П.Товуудорж нар томилогдон ажиллаж байна.
Гишүүн байгууллагын бүрэлдэхүүнд Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, “ Эрдэнэс Монгол” ХХК, Ньюком групп, Монголын Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, АВВ группын Монгол дахь төлөөлөгчийн газар, “MCS интернэйшнл” ХХК, “Грийн энержи интернэйшнл” ХХК, “Сайншанд салхин парк” ХХК, Монхорус интернэйшнл ХХК, , Хасу Мегаватт ХХК, “Альяас тех” ХХК, “Дино энержи” ХХК, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын хобоо зэрэг байгууллагууд багтаж байгаа бөгөөд Нарийн бичгийн газрын үүргийг “Монгол эрчим хүч клуб” ТББ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Салбар хорооны ээлжит хурлыг 2019 оны 06 сарын 28-ны өдөр зохион байгуулж, тус хурлаар 2019 оны 9-р сарын 9-12-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах 24 дэх удаагийн “Дэлхийн эрчим хүчний конгресс-2019” олон улсын хуралд манай улсын эрчим хүчний салбарын зүгээс хэрхэн бэлтгэж оролцох талаар хэлэлцэн зарим шийдвэрийг гаргалаа. Мөн түүнчлэн энэ үеэр Монгол улс Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн хороонд элссэн тухай Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс ирүүлсэн батламж болон Монголын салбар хорооны гишүүн байгууллагуудын батламжийг албан ёсоор гардуулсан юм.
Монголын салбар хороо нь Монгол Улсын эрчим хүчний салбарын байгууллага, удирдлагууд, засгийн газрын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн сүлжээ, платформыг бий болгох, Монголын эрчим хүчний байгууллагуудын ашиг сонирхлыг үндэсний болон олон улсын түвшинд төлөөлөх, эрчим хүчний салбарын олон талт яриа хэлэлцээ зохион байгуулах, Монгол улсын дэлхийн эрчим хүчний интеграци дахь оролцоог нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах зорилготой бие даасан, хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм.
Дашрамд дурдахад Дэлхийн эрчим хүчний зөвлөл нь анх 1923 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 100 гаруй улс орны Засгийн газар, эрчим хүчний төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, эрдэм шинжилгээний институци зэрэг 3000 гаруй гишүүн байгууллагыг төлөөлөх мандат бүхий НҮБ-аас магадлан итгэмжлэгдсэн дэлхийн хэмжээний томоохон байгууллага болжээ. Дэлхийн Эрчим хүчний Зөвлөл нь зуун жилийн турш эрчим хүчний салбарын тэргүүлэх оролцогч байсаар ирсэн бөгөөд бүх хүн төрөлхтөнийг тогтвортой, тэнцвэртэй эрчим хүчээр хангахад дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг чиглүүлж, эрчимтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байгаа билээ.
Түүнчлэн дэлхийн хэмжээний болон бүс нутгийн, үндэсний хэмжээний эрчим хүчний стратегийг танилцуулж, өндөр түвшний арга хэмжээнүүдийг зохион байгуулж, нэр хүндтэй судалгаануудыг хэвлэн нийтлэж, дэлхийн эрчим хүчний бодлогын яриа, хэлэлцээг дэмжих үйл ажиллагааг өргөн хүрээтэй өөрийн гишүүдийн сүлжээгээрээ дамжуулан хэрэгжүүлж байна. Зөвлөлийн үйл ажиллагаа нь засгийн газар, тэргүүлэх аж үйлдвэр, эрчим хүчний корпораци, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага, үндэсний эрдэм шинжилгээний байгууллагуудтай түншлэлийн бизнесийн харилцааг дэмжиж, хамтран ажиллахад чиглэдэг.