“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-2021”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал улсын хэмжээнд цахим хэлбэрээр анх удаа  амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

“Монгол эрчим хүч клуб” ТББ-ын зүгээс  “Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо (СЭХИХ)” гишүүдэд үйлчлэх ТББ-аас санаачилсан “Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэд технологи-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурал анх удаа улсын хэмжээнд цахим (MS Teams платформ) хэлбэрээр, ШУТИС, МУИС, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (СЭХҮТ) төрийн өмчит аж ахуйн тооцоот газар (ТӨААТҮГ)” хамтран амжилттай 2021 оны 05 сарын 06-ны өдөр зохион байгууллаа. 

Тус эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын их, дээд сургууль ба эрчим хүчний үйлдвэр нийлсэн 13 байгууллагын эрдэмтэн, судлаачдаас нийт 44 илтгэл хэлэлцүүлэхээр ирүүлсэн бөгөөд хурлын шүүмж болон редакцын зөвлөлийн шийдвэрээр 33 илтгэлийг таван чиглэлд хуваан хэлэлцүүлж шилдэг 15 илтгэлийг шалгаруулж байр эзлүүлсэн болно. Үүнд:

  1. Сэргээгдэх эрчим хүчний технологи (Цахилгаан):

1-р байр, ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) М.Ганхүлэг Bulk heterojunction бүтцэд суурилсан нано полимер фото цахилгаан нарны элемент боловсруулах инженерчлэл ба анализ сэдэвт илтгэл;

2-р байр, ШУТИС-ийн ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Э.Мөнхтуяа Барилгын дээвэрт суурилуулсан сүлжээтэй зэрэгцээ ажиллах 15 кВт-ын нарны цахилгаан системийн үзүүлэлт сэдэвт илтгэл;

3-р байр, МУИС-ийн ХШУИС-ийн Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн магистрант Б.Батсугир Бага чадлын нарны цахилгаан үүсгүүрийн судалгаа, туршилтсэдэвт илтгэл.

  1. Сэргээгдэх эрчим хүчний технологи (Дулаан):

1-р байр, Эрчим хүч инноваци технологийн төв ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, магистр Т.Хишигт Монгол орны нөхцөлд тохирсон нарны дулааны цахилгаан станц байгуулах судалгааны ажлын үр дүнгийн талаар сэдэвт илтгэл;

2-р байр, ШУТИС-ийн Дулааны инженерийн тэнхимийн магистрант Л.Батзориг Analyze heating season performance of ground source heat pump system in Takhilt, Ulaanbaatarсэдэвт илтгэл;

3-р байр, МУИС-ийн ХШУИС-ийн  Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн 4-р курсын оюутан Г.Энхжин Нарны дулааны коллекторын удирдлага, автоматжуулалт сэдэвт илтгэл.

  1. Эрчим хүчний хуримтлуурын технологи ба хэрэглээ:

1-р байр, ШУТИС-ийн БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын магистрант Т.Нандинцэцэг Идэрийн гол дээрх уламжлалт усан цахилгаан станц болон ус хуримтлуурын станцыг хослуулан ажиллуулах боломжийн судалгаа сэдэвт илтгэл;

2-р байр, МУИС-ийн ХШУИС-ийн Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн 4-р курсын оюутан Г.Мөнх-Очир Давхар шатлалт конденсатор бүхий батерей баланслах хэлхээний судалгаа, хэрэгжүүлэлт сэдэвт илтгэл;

3-р байр, МУИС-ийн Нано Хиймэл Дагуул Хөгжүүлэлтийн Лаборатори, электроник инженер 4-р курсын оюутан Г.Анар Батарейний багтаамж, дотоод эсэргүүцэл шалгах хямд төхөөрөмжийн хөгжүүлэлт сэдэвт илтгэл.

  1. Сэргээгдэх эрчим хүчний интеграц:

1-р байр, Японы, Кюүшү технологийн дээд сургуулийн докторант Б.Баттүвшин “Түлхүүрийн горимт инвертер болон хувиргуурт зориулсан шинэ төрлийн гүйдлийн сэнсор болон аналог хэлхээний судалгаа сэдэвт илтгэл;

2-р байр, ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын Цахилгаан систем хөтөлбөрийн магистрант С.Тулгач Цэнэг хуримтлуурын системээр тархмал бага чадлын «Ухаахудаг» цахилгаан станцын динамик тогтворжилтыг дээшлүүлэх боломжийн зарим үр дүн сэдэвт илтгэл;

3-р байр, МУИС-ийн ХШУИС-ийн Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Мөнхзаяа Нарны цахилгаан үүсгүүрт зориулсан дифференциал чадлын хувиргуурын технологийн судалгаасэдэвт илтгэл.

  1. Эрчим хүчний бодлого, хууль эрх зүй, эдийн засаг, байгаль орчин:

1-р байр, ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын багш, доктор (Ph.D) Б.Батзаяа Эрчим хүчний эдийн засагт ногоон үйлдвэрлэгч нөлөөлөх нь сэдэвт илтгэл;

2-р байр, Хот төлөвлөлт судалгааны институтын Хүрээлэн буй орчны төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн, МУИС-ийн Байгаль орчныг зайнаас тандан судлах хөтөлбөрийн магистрант Т.Билгүүнтөгс Гурван хэмжээст загвар ашиглан нарны эрчмийн нөөцийн боломжит хэмжээг тооцох нь сэдэвт илтгэл;

3-р байр, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн химийн инженерийн 3-р курсын оюутан О.Наранзул Төв цэвэрлэх байгууламжийн бохир уснаас cr(vi)-д тэсвэртэй бактери тусгаарлаж, шинж чанарыг сайжруулах судалгааны дизайн сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагчдын зүгээс залуу судлаачдыг дэмжих зорилгоор шилдэг нэг илтгэгчийн холбогдох зардлыг бүрэн хариуцаж БНСУ-ын Жэжү аралд зохион байгуулагдах “Ази номхон далайн сэргээгдэх эрчим хүчний форум (AFORE-2021)” олон улсын  эрдэм шинжилгээний хуралд оролцуулах эрх өгсөн бөгөөд уг шагналыг МУИС-ийн ХШУИС-ийн “Сэргээгдэх эрчим хүчний инженерчлэл” хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Мөнхзаяа хүртлээ. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 10 сарын сүүлээр зохион байгуулагдах тул оюутан Б.Мөнхзаяа илтгэлээ улам сайжруулах зэрэг бусад бэлтгэл ажлаа эхлүүлсэн бөгөөд зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагуудын зүгээс амжилт хүсэж байна.

Тус эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг “М-Си-Эс Интернэйшнл”ХХК, “Жи-Пауэр”ХХК, “wpd AG” групп, “Клин энержи” ХХК, “Клин энержи Ази” ХХК, “Смарт плас” ХХК, “Степпе солар”ХХК, “Мокса инженеринг” ХХК, “Грийн энержи интернэйшнл” ХХК, “Дезерт Солар Пауэр Вуан” ХХК, “Ричвелл инженеринг” ХХК, “Электро инженеринг” ХХК, “Грийн солар энержи” ХХК, “Хидро инженеринг” ХХК, “Сайншанд салхин парк” ХХК, “Иррадианс” ХХК, “И Эс Би Солар” ХХК гэсэн 17 сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний компаниуд ивээн тэтгэж оролцсонд зохион байгуулагчид болон бусад судлаачдын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна.

Хурлын явц

Мөн зохион байгуулагчдын зүгээс “Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи” сэдэвт ЭШХ-ыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах шийдвэр гаргалаа. ЭШ-ний хуралд  хэлэлцүүлэгдсэн болон, бусад илтгэлүүдийг судлаачид шүүмжийг тусган дахин засварлаж, сайжруулан ирүүлсэний дараа хурлын эмхэтгэлийг хэвлэхээр редакцийн зөвлөл ажиллаж байна.

Эрдэм судлалын тань мэлмий Гэрэлтэж явахын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье!

Зохион байгуулагчид