МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2019 оны 3 дугаар сарын 20)
Өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ) ба Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан буюу Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP) хамтран, Тэнүүн гэрэл констракшн (ТГК) компанитай зээлийн гэрээ байгууллаа. Тус гэрээгээр ТГК компани төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаватт (МВт)-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж, ажиллуулах юм.
ТГК компанитай байгуулж буй Сермсанг–Хөшигийн хөндийн нарны станцын энэхүү төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт АХБ, LEAP сангийн хамтран олгож буй анхны санхүүжилт болж байна. Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сангаас энэхүү төслийн анхан шатны санхүүжилтийг дэмжих техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг олгосноор АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд нарны эрчим хүчний чиглэлээр хийх анхны санхүүжилтийг эхлүүлэх боломжтой болсон юм.
“Уг төсөл нь Монгол Улсын хуурай, хүйтэн уур амьсгалд тохируулан хувийн хэвшлийн боловсруулсан техникийн шийдлүүдийг хослуулж буйгаараа ихээхэн онцлогтой” хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал ноён Майкл Барроу хэлээд, “Япон болон Тайланд улсуудын нарны цахилгаан станц барьж байгуулах, ажиллуулах дэвшилтэт технологи, үйл ажиллагааны туршлагыг дотоодод нутагшуулж байгаа нь төсөл амжилттай хэрэгжих нөхцөл болно.” хэмээн тэмдэглэв.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд тус станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм.
Нарны эрчим хүчний энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26,400 тонноор бууруулна. Түүнчлэн, эрчим хүчний салбарын суурилуулсан нийт хүчин чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 оны 12 хувиас 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд тус тус хүргэх засгийн газрын зорилтын биелэлтэд тодорхой хувь нэмэр оруулна. Эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжсэнээр Монгол Улсын хувьд цахилгааны импортыг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсын эрчим хүчний салбарт нүүрс ашигладаг цахилгаан станц давамгайлж байгаа бөгөөд тэдгээр нь нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 60 гаруй хувийг эзлэж байна.
TГК компанийн хувьцаа эзэмшигчид нь Тайланд Улсын Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед, Япон Улсын Шарп Энержи Солюшнс Корпорейшн болон Монгол Улсын АМОЕ Солар ХХК ба Эс Эйч Энержи Солюшн ХХК нар юм.
Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанийн Гүйцэтгэх захирал ноён Варут Туммаваранукуб, “Сермсанг Пауэр Корпорейшн компанийн хувьд энэ төсөл нь Ази тив дэх сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын томоохон түүхийг эхлүүлээд зогсохгүй экологийн хувьд ээлтэй, тогтвортой төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний үзэл баримтлалын нэгээхэн илрэл болж байна. Энэхүү түүхэн төсөлд маань АХБ-наас итгэл үзүүлж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг мөн” хэмээн тэмдэглэв.
Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТГК компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён Тацуя Сато, “Бид АХБ ба LEAP сангийн тусламжтайгаар энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэн, Монгол улсын төвийн бүсэд цэвэр эрчим хүч нийлүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээн ярилаа.
Ази, Номхон далайн бүс нутагт АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд дутагдаж буй санхүүжилтийг нөхөх, тэдгээр төслүүдэд олгох санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан LEAP санг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА санхүүжүүлдэг бөгөөд үйл ажиллагааг нь АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар удирддаг.
Канадын Засгийн газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сан нь Ази тивд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хувийн хэвшилийн төслүүдэд хөнгөлөлттэй хосолмол санхүүжилт болон техникийн туслалцааны буцалтгүй тусламж олгодог. Тус сангийн үйл ажиллагааг Цэвэр эрчим хүчний санхүүжилтийн түншлэлийн хэрэгслийн хүрээнд АХБ удирдан явуулдаг.
Сайн сайхан ирээдүйн төлөө байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор Тайланд Улсын Бангкок хотноо 2015 онд байгуулагдсан Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед нь Ази тивд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа явуулдаг.
Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн толгой компани болох Шарп Корпораци анх 1912 онд Япон Улсын Осака хотноо байгуулагджээ. Дэлхийд тэргүүлэгч электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч тус компани нь өөрийн шинэлэг, дахин давтагдашгүй технологийн тусламжтайгаар даян дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншил, амар амгалан оршихуйд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: ADB Mongolia