ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн батлав. 2018-2021 оныг хүртэл хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Тус хөтөлбөрийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг харахад хэтэрхий урсгалаараа явж байсан нь харагдаж байгаа. Мөн эрчим хүчний технологийн онцлогтой нь тохируулахгүй, найдвартай үйл ажиллагааг нь бодолцохгүй шийдсэн зүйлүүд их байна. Энэ бүхнийг цэгцлэх зорилгоор дунд хугацааны хөтөлбөр баталж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд буюу 2021 он хүртэл тодорхой шинэ эх үүсвэрүүдийг барина. Тухайлбал, ДЦС-III дээр хоёр ажлыг эхлүүлж, 250 МВт-аар өргөтгөж, 75 МВт-аар хүчин чадлыг нэмнэ. ДЦС-IV-ийн 1-4 генераторын шинэчлэл хийж хүчин чадлыг 92 МВт-аар нэмэгдүүлнэ. Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг болгоно. Тэгвэл жилийн дөрвөн улиралд ашигтай ажилладаг станц болно. Энэ станцууд баригдсанаар манай улс 2021 он хүртэлх хэрэглээний өсөлтийг хаана. Энэ станцуудын дэд бүтэц нь байгаа учраас шинэ станц барихын оронд богино хугацаанд хямд зардлаар 400-500 МВт-ын  эх үүсвэр нэмэгдүүлэх юм. Энэ жил 300 кВ-ын шугамыг Улаанбаатар Мандалговь хоёрын хооронд барьж байна. Үүнийг барьснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно. 400-500 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлбэл Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно. Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ” гэлээ.

Өөр нэг асуудал нь эрчим хүчний салбарын аюулгүй байдал. Дулааны цахилгаан станцыг 200 МВт болгож өргөтгөх, 125-ын хоёр генератор тавина. Нэг нь газын генератор. Газын генератор 3-5 минутын дотор эргэлтэд ороод халаалтаа өгнө. Энэ бол маш чухал. Мөн100 МВт-ын хүчин чадалтай батарей  хуримтлуур тавина. Баруун бүст Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг үргэлжлүүлэх бол зүүн бүст Дорнодын станцыг 50 МВт-аар өргөтгөнө. Үүнийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ гэдгийг нэмж хэлсэн юм. 

 

Эх сурвалж: Эрчим Хүчний Яам